Сайн уу? Блог засвартай байгаа

“ИХ БӨХ” Цэргийн Шагж

Posted On 9:56 PM by Sain uu |

Улсын арслан “Цэргийн” хэмээх Шагж 1903 оны туулай жил одоогийн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг Өвөр туужуутын өвөлжөөнд “Хөх” хэмээх Санжмятавын 5 дахь хүү болон мэндэлсэн.

АХ-ын жилүүдэд төрөн гарсан АРСЛАН цолтой бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэхүл манлайд нь бичигдэх тэрвээр ахархан хугацаанд аугаа их амжилтыг бүтээсэн ажгуу.

Шагж арсланг биеэр том биш, одоогийн у.ар П.Дагвасүрэнгээс арай биерхүү, цээж их бахам, дээрээс нь харвал тэг дөрвөлжин гэмээр харагдсан байсан гэлцдэг. Баруун, зүүнгүй тонгорох, гүйх, давхар хамах мэхийг ихэвчлэн хийдэг байсан бөгөөд давхар хамахдаа учраа бөхөө гар дээрээ өргөж цацах хэлбэрээр газардуулдаг хэмээн бөхийн түүхнээ тэмдэглэгджээ. Мөн бариа зөрөөн дээр учраа бөхийнхөө 2 мөр руу нь хүчтэй алгадах /түлхэх/ мэхийг хийдэг, энэ мэхэнд нь Ар.х/Өлзийтийн Босоо хэмээх Банзар арслан ч ойчиж асан тухай бөхийн ам дамжсан яриа бий...

1927 онд анх 24 настайдаа улсын наадамд зодоглон хүчит 960 бөхөөс 8 даван 4-т үлдэн заан цолонд шууд хүрсэн байна. 9-ийн даваанд у.ар Мээтэн Аюурт өвдөг шороодов. /Энэ жил Буур Жамъян \Ар.х/Цахир\ түрүүлж, Мээтэн Аюур \Өв.х/Сант\ үзүүрлэн, Цэргийн Шагж, Босоо Банзар \Ар.х/Өлзийт\ нар 4-т үлджээ.../


1928 оны улсын наадамд 1000 орчим бөх зодоглоход 9 даван Мээтэн Аюур арслантай тэргүүн байрын төлөө барилдан үзүүрлэж арслан цолны болзлыг хангажээ...


1929 оны улсын наадамд 1000 бөх зодоглоход Хан Тайширын Шагж хэмээн дуудуулсаар Луу гүний алдарт Ванван аваргаар 9 даван Босоо Банзар арсланд өвдөг шороодон дахин үзүүрлэж мөн дахин арслан цолны болзлыг биелүүлжээ...


1930 оны улсын наадамд 1000 орчим бөх зодоглоход түрүү жилийн наадмын үзүүр, түрүүний хоёр бөх учраа бөхчүүдээ өвдөг шороодуулсаар тэргүүн байрын төлөө барилдахаар зүүн, баруун талын засуулуудаа ханаруулсаар гарч ирэв... Босоо Банзарыг суйлахад зөруулж халз хутгаад мэх дутуудахад нь тонгороод давжээ... Ийнхүү ардын төрийнхөө их баяр наадамд 10 даван түрүүлж аварга цолны болзлыг биелүүлэв...

Гэсэн хэдүй тийм боловч 2 удаа 9 даван үзүүрлэхэд нь арслан цолыг олгоогүй, 10 даван түрүүлэхэд нь арслан цолыг олгосон гэсэн мэдээ бий..

Ийнхүү улсынхаа наадамд 4-хөн удаа барилдахдаа 1 удаа 10 даван түрүүлсэн, 2 удаа 9 даван үзүүрлэсэн, 1 удаа 8 даван 4-т үлдсэн гэсэн гайхамшигт амжилтыг тогтоосон тэрвээр ахин улсын наадамд зодоглоогүй байна...

Шагж арслан 1925 оны Завхан аймгийн баяр наадамд шөвгөрч, 1927 онд түрүүлсэн байдаг. Мөн 1929 оны Хэнтий аймгийн баяр наадмад түрүүлсэн билээ...

Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй “Үндэсний их баяр наадмын тухай” Монгол улсын хуулиар бол улсын аварга, бүр далай аварга ч байж болох бөх юм аа....

Монгол бөхийн түүхнээ гэнэт л од мэт гялалзан гарч ирсэн тэрвээр цагийн ороо бусгаа байдлаас улбаалаад мөн гэнэт л харваад явчихсан аж... Бие, бяр, ухаан ид тэгширсэн 29 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. /1932.05.13-нд Тариатын хүрээнд тулалдаж байгаад амь эрсэдсэн мэдээ бий.../

Завхан аймгаас АХ-ын жилүүдэд аварга цолтон төрөөгүй гэж хэл болох... Албан ёсоор төрсөн ганц аварга нь засаг захиргааны хуваариар Говь-Алтай аймгийн Жаргалан суманд шилжсэн....

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын хүчит арслан “Цэргийн” хэмээх Санжмятавын Шагж агсанд УЛСЫН АВАРГА цолыг нэхэн олгох нь Монгол төр, Монгол бөхийнхөө зүлэг ногоон дэвжээг жинхэнэ утгаар нь хүндэтгэж, ивгээлдээ авч буйн илэрхийлэл мөн мэт санагдах...

/Тод: ес даван түрүүлсэн бөхөд улсын арслан \7.1.5\, улсын арслан цолтон түрүүлсэн бол улсын аварга \7.16\, улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтой бөх 9 давсан бол үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын арслан цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл улсын аварга цол олгоно. \7.2\ “Үндэсний их баяр наадмын тухай” хуулиас.../

Эх сурвалж: http://jalkhanz.blog.banjig.net/

| edit post
0 Response to '“ИХ БӨХ” Цэргийн Шагж'

Post a Comment

Distributed by Ambaga