Сайн уу? Блог засвартай байгаа

Амбагай хаан

Posted On 8:02 AM by Sain uu |

Тайчуудын Сэнгүн билгэгийн хөвүүн. Эцэг Сэнгүн Билгэ нь Чирхай Лянхуагийн хөвүүн билээ. Бодончарын хөвүүн Хабич баатрын удам юм. Хамаг Монголын хаан Хабул, Амбагай хоёр нэг ясан төрлийн хүмүүс ажээ. Бодончарын жич хүү Хайду юм. Хайдугийн жич хөвүүд нь Хабул хаан, Амбагай хоёр болно. Хабул хааны өвөг эцэг Байшинхор, Амбагайн өвөг эцэг Чирхай Лянхуа хоёрын эцэг нь Хайду юм.

Хабул хаан нас барахдаа хаан суудлыг долоон хөвүүнийхээ аль нэгэнд залгамжлуулсангүй, Сэнгүн Билгэгийн хүү Амбагайг хамаг монголын хаан болгохоор нэр заажээ. Хабул хааны долоон хөвүүний аль нь ч улс төрийг тэргүүлэх буурь суурийн хувьд хөнгөмсөг байсан учраас Хабул хаан тэр цагийн төрийн бодлогод тохирох өөрийн төрөл угсааны Сэнгүн Билгэгийн хүүг хамаг монгол тайчуудын хаан болгосон байна. Амбагай хаан болоод улсын төрийн зохион байхуулалтад зарим өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, тайш гэдэг хааны дараах мэдэлтнийг бий болгожээ. Улсын тайш тушаалд өөрийн дунд хүү Хадааныг томилжээ. Улсын тайш бол тэр цагтаа цэргийг голлон мэдэгч байв.

Тэр үед Хабул хааны хатны дүү Саяндэчин гэгч гэнэт өвчин тусахад нэгэн бөөг татар аймгаас залж ирж үзүүлсэн боловч бие нь сайн болсонгүй байсаар үхжээ. Хамаг монголчууд тэр бөө Саяндэчинг хорлолоо гэж үзээд түүнийг цаазлав. Үүнд татарууд хорсож, өш авахаар удаа дараа монголчууд руу дайран ирэхэд Хабул хааны зургадугаар хөвгүүн Хадаан тосон байлдаж, тэднийг ихэд дийлэн, тэргүүлэгчийг нь хүртэл алжээ. Тэгэхэд татарууд баахан хулчийж, илээр найрамдахыг хичээн, далдуур хорссоор байв. Амбагай хааныг татарууд уран үг, бэлэг сэлтээр хуурав. Тэр аргад нь Амбагай хаан орж татартай ураг барилдан, охиноо хүргэж очжээ.

Татарын ойруд-буйрууд аймгийн нууцаар бэлтгэсэн цэрэг Амбагай хааныг охины нь хамт барин авч Алтан улсад хүргүүлжээ.

Амбагай хаан Бэсүд овгийн Балхачи гэдэг хүнийг элч болгож, захисан нь: “Хабул хааны долоон хөвүүний дундах Хотула, миний арван хөвүүний дундах Хадаан тайшид чи очиж хэл. Хамгийн хаан улсын эзэн байтал охиноо өөрөө үдэж хүргэхийг надаар цээрлэл болготун! Би татар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний өшөөг авахыг оролдогтун” гэжээ.

Татарууд Амбагай хааныг хамаг монголтой хуучин өш хонзонтой Алтан улсад хүргүүлэв. Алтан улсын хаан одоогийн Бээжинд сууж байжээ. Амбагай хааныг модон илжигэнд хадаж тарчилган хороожээ.

Эх сурвалж: Монгол Үндэстний Онлайн Нэвтэрхий Толь
| edit post
0 Response to 'Амбагай хаан'

Post a Comment

Distributed by Ambaga